Дарцаг бөмбөг шагай зоосыг тоолон сонгон
Давтах сэлгэх хэсэглэх боломжийг бүрэн тооцдог
Дан болоод давхар функцийг сайтар судлаад
Дараалал прогрессийн ерөнхий гишүүдийг хайдаг
Гучин тоог нь цээжилсэн ПИ тооны баяраараа
Гурван сарын арван дөрвөнд уралдан гангардаг
Гурван зэргийн тэгшитгэлийг Виетээр шийдэж хувиргаад
Дөрвөн удаа хянаж теорем мөрдлөгөөг нь баталдаг
Хайрцаг хайрцагт нь цөөн цөөнөөр тараан байрлуулж
Хальж илүүдсэнийг нь давхар нэмж Дирихлейднэ
Хөрш алгассаныг нь сольж хольж тоолоод
Хувирган өөрчилж инвариантыг нь олдог
Тэнцэлдээ хүрдэг тэнцэтгэл бишүүдийг төрөл төрлөөр нь
Тэндээс нь ихэсгэж эндээс нь багасгаж Коши ашиглаад
Тэгш сондгойгоор нь ангилан эрэмбэлэн Чевышевдээд
Түмнээ алдартай тэнцэл бишийг Шварц Иенсендэж нотолдог
Олон өнцөгт гурвалжин тойргийг синус косинус Пифагордоод
Олоон өдөр нээлттэй үлдсэн бодлогоо нухаж
Оройжин бодож шөнөжин зүүдэлж шийдийг нь мэдээд
Олсоон багшаа, бодсоон би гэж эртлэн ирдэг
Олимпиадын бэлтгэлдээ яаран яаранхан ирээд суудаг
Оролдлого сайтай дуу цөөтэй тоочин хүүхдүүд
Одоогоос ирээдүйг хайгаад харж ойлгож мэдрээд
Орчлонгийн нууцад нэвтэрч хязгаарыг давах мөрөөдөлтэй
Илэрхийлэл хялбарчилж теорем батлаад
Итгэлтэй зүтгэлтэй шинжлэн судлаач болоод
Ирэх цагийн инженер багш эмч эрдэмтэн
Ирээдүй хойчийн Монголын бахархал
Төгсгөлгүй буурах геометрийн прогрессийн нийлбэр шиг
Түрүүлж ихсэх олон зэргийн натурал тоо шиг
Түм буман цифрүүдийн эгнээ цуваа шиг
Төвөгтэй функцийн утгын муж шиг
Математикийн хүүхдүүд
Маргааш олимпиадтай
Олимпиадын хүүхдүүд
Олуулаа тоо бодно
Тоочин хүүхдүүд
Толгой сэргэг
Тооцох сэтгэхүй нь
Тоймлох хязгааргүй
Тодрох авъяастай
Тоочин хүүхдүүд
Миний шавь нараа...
2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөөний Мандах нарнаар тэрлэв.
Ц.Батболд