Энэ жил ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн Олимпиадад дэлхийн 110 улсын баг оролцсоноос Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11-р байранд орж түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа билээ.
Бид энэ амжилтанд яаж хүрэв?
Цаашид энэ амжилтаа хэрхэн хадгалах вэ?
Энэ талаар өөрийн шүүмж, эргэцүүллээ бичихийг зорив.
1. Юуны өмнө энэ амжилтанд хүрэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь багийн гишүүдийн авьяас чадвар гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Энэ амжилтын цаана манай багийн гишүүдийн эцэг эхчүүд, анх бэлтгэж эхэлсэн багш нар нь сүүлийн жилүүдэд хороог ахалж байгаа Г. Баярмагнай, Ү. Отгонбаяр, одоогийн дарга, багийн лидер Б. Батбаясгалан, дэд лидер У. Батзориг нарын хичээл зүтгэл болон бэлтгэл хариуцан ажилласан багш нарын хүч, хөдөлмөр байгаа нь ойлгомжтой.
Манай багийн гишүүдийн авьяас чадвар, нөр их хөдөлмөрийн үр дүнд бид дэлхийн өндөр хөгжилтэй, хүн амаараа манайхаас хэдэн арав, зуу дахин их улс орнуудыг ардаа орхиж чадлаа.
Жишээлбэл манай багийн гишүүн Сант сургуулийн А. Нямдаваа нь өөрийн үзүүлсэн амжилтаараа дэлхийд 20-р рангад эрэмбэлэгдсэн бол 1-р сургуулийн М. Өнөболд маань 29-р байранд жагслаа. Юуны өмнө энэ жилийн багийн бараг бүх гишүүд IMC (Олон Улсын Бага Дунд ангийн сурагчдын математикийн олимпиад) олимпиадаар бага ангиасаа “хүмүүжсэн” гэдгийг дурдмаар байна. Ер нь сүүлийн хэдэн жилийн Монголын багийн бараг бүх гишүүд IMC-гээс эхлэн тодорсон байдаг. Математикаар дэлхийн түвшинд тодрохын тулд бага наснаасаа эхлэн математикийн олимпиадаар хичээллэхээс өөр ямар ч гарц байхгүй юм.
Монгол Улс IMC олимпиадад оролцож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөржээ. Энэ олимпиадад оролцох бага, дунд ангийн сурагчдыг, эхлээд дотооддоо Классик олимпиадыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулж тэндээсээ шигшин сонгож авдаг, Классик олимпиадад багш сурагчид сайтар бэлтгэн оролцдог байсан цаг саяхан.
Дараа нь IMC-гийн зуны сургалт бүтэн сар гаран тасралтгүй явагддаг байсан ба энэ бэлтгэлд багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүдийн гүн бат харилцаа бүрэлдэн бий болдог байж.
Ингэснээрээ ч бид IMC-д өндөр амжилт үзүүлж чаддаг байлаа.
Түүнчлэн Монгол Улсад “Олон Улсын Хотууд Хоорондын Олимпиад” зохион байгуулагдаж эхэлсэн нь манай сурагчдын чадварыг хөгжүүлэхэд том алхам болсон гэж боддог. ОУХХО нь намар, хаврын даваатай, бодлогууд нь өндөр чансаатай, дэлхийд данслагдсан супер олимпиад юм.
Монгол Улсад IMC болон ОУХХО-ыг анх оруулж ирж энэ олимпиадад сурагчдыг уйгагүй бэлтгэн оролцуулдаг хүн бол математикийн ухааны доктор Б. Батцэнгэл багш маань билээ.
Б. Батцэнгэл багш Классик, IMC, ОУХХОлимпиадийн зохион байгуулалтанд арван хэдэн жилийн турш уйгагүй зүтгэсний үр дүнд бид одоогийн энэ амжилтанд хүрээд байгаа юм.
Тиймээс бид манай улсад сууриа аль хэзээний тавьчихсан эдгээр олимпиадуудаа цаашид тасралтгүй авч явахгүй л бол ахиж энэ амжилтандаа хүрэх боломжгүй гэж бодож байна.
Энэ тал дээр Монголын Математикийн Олимпиадийг зохион байгуулах хороо онцгой анхаарах ёстой!
Энэ тал дээр Монголын Математикийн Олимпиадийг зохион байгуулах хороо онцгой анхаарах ёстой!
2. Энэ жилийн олимпиадын бодлогууд дээр хийсэн анализыг авч үзэе.
Энэ жилийн ОУМО-ын P1, P4 бодлогууд нь ахлах ангийн түвшний мэдлэг шаардахааргүй, IMC-гийн дунд ангийн B2, B3 маягийн бодлогууд байсан.
P5 бодлого нь ОУХХОлимпиадын дунд ангилалын 4-5 дугаар бодлоготой дүйцэхүйц бодлого, P6 бодлого нь ОУХХОлимпиадийн ахлах ангилалын 5-6 дугаар бодлоготой дүйцэхээр бодлого байлаа. Иймд манай сурагчид иймэрхүү бодлогуудтай өмнө нь (IMC болон ОУХХО-дад хэдэнтээ оролцсон сурагчид!) танилцсан туршлагатай болохоор эдгээр бодлогууд манай амжилтанд эерэгээр нөлөөлсөн болов уу.
Харин P2 бодлого бараг оюутны олимпиадийн түвшний бодлого, Р3 нь хүнд геометрийн бодлого байжээ.
Олон орны хувьд эхний өдрийн бодлогуудаас P1-ийг бодоод хоёрдугаар өдөр бүх бодлогоо бодвол алтан медаль, хоёрдугаар өдрийн бодлогуудаас нэг бодлого бодвол хүрэл дээр буусан харагдана.
Манай багийн гишүүд Орос бодлогуудаар чамбай хүмүүжсэн гэж хэлж болно. Та бүхэн Б. Батцэнгэл багшийн номнуудыг сайн мэдэх байх?
Энэ жилийн болон өнгөрсөн жилийн сэдвийг харахад Орос стилийн бодлогууд орсон байсан нь манай багийн амжилтанд сайн нөлөө үзүүлж чадсан гэж бодож байна.
Зохион байгуулж байгаа орны хувьд Оросууд сүүлийн 2 жил бусад багийн лидерүүдээс санал авалгүйгээр (олимпиад виртуал хэлбэрээр явагдаж байгаа болохоор) богино жагсаалтын бодлогуудыг сонгосон байх.
Үүний баталгаа нь Орос, Хятад, Украйн, Израйл, Монгол, Болгарын багийн гаргасан амжилт юм. Жишээлбэл хоёрдугаар өдөр манай багийн авсан оноо 42-28-14 байсан бол Болгарын авсан оноо 42-25-7 байсан бөгөөд Манай Улс, Болгар Улс хоёр ижилхэн Орос школтой байсан.
Ирэх жилийн олимпиад Норвегийн Осло хотноо зохион байгуулагдана.
Бид энэ жилийн олимпиадад үзүүлсэн амжилтаа хойшид хэрхэн бататгах вэ?
Ирэх жилийн олимпиад Норвегийн Осло хотноо зохион байгуулагдана.
Бид энэ жилийн олимпиадад үзүүлсэн амжилтаа хойшид хэрхэн бататгах вэ?
ОУМО-ын дүн мэдээнд сайтар анализ хийж үзмээр байна. Манай багийн сурагчид Алгебр, Геометр, Тооны онол, Комбинаторик гэсэн 4 чиглэлийн яг аль чиглэл дээр сулавтар байгааг сүүлийн 10 жилийн статистик дээр тулгуурлан гаргаж үзэх хэрэгтэй байх. Ингэснээрээ тэдгээр сэдвүүдийн бодлогууд дээр онцгой анхаарч бэлтгэлээ базаах шаардлагатай. Улс дотроо зохион байгуулдаг олимпиадууддаа тийм сэдвийн бодлогуудыг жаахан түлхүү оруулаад өгөхөд манай хүүхдүүд тэр чиглэлүүд дээр хөгжөөд явчих байх аа.
Тэгээд ....
Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр
IMC, ОУХХОлимпиад болон манай улсад жил тойрон зохиогддог бусад чансаатай олимпиадуудаа тасалдуулалгүй явуулахаас өөр гарц байхгүй билээ.
Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр
IMC, ОУХХОлимпиад болон манай улсад жил тойрон зохиогддог бусад чансаатай олимпиадуудаа тасалдуулалгүй явуулахаас өөр гарц байхгүй билээ.
Математикч Чойжилсүрэнгийн Гантөмөрийн ФБ хуудаснаас...
No comments:
Post a Comment