Thursday, November 4, 2021

УЛЗ САВ НУТГИЙН МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД

 Идэр залуу насныхаа эрдэм оюуны аархлаар

Ижил ариун мөрөөдлийнхөө эрчим хүчийг бадрааж

Ихэр яруухан үзлээр математикийн сайхныг бишрээд
Итгэл дулаан зүтгэлээр ууган олимпиадыг зохиосон
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
ГУЧИН ЖИЛДЭЭ ДАМЖИН
БУМАН ҮЙЛСИЙГ ТҮГЭЭСЭЭР
Тоо бодохуйн шимийг утгын чанадад хадгалсаныг
Тооцон хэмжихүйн чанарыг цөөн алхмаар тодруулсаныг
Тойрог дугуйн ялгааг багтан багтааж дүрсэлснийг
Тоочин хүмүүний тархинаас бадарч задарсан ухааныг
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАДААР
УУДАМ ДОРНЫН ТАЛДАА
УРАМТАЙ ШАВЬ НАР НЬ СУРАЛЦСААР
Улз нутгийн аялгаар альфа хэмээн дуудсан
Урт тоон дарааллын зүй тогтлоор гангарсан
Уян сэтгэлийн радиусаар бөмбөрцөг дүүргэн дуулсан
Усан долгион хэмнэх синусын хуулиар нотолж
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАДААР
УЛС МОНГОЛДОО АЛДАРТАЙ
УХААНТ ШАВЬ НАР НЬ ТОДОРСООР
Тансаг мэдрэхүйн заагаас гүн хайгуулын увидас
Тангенс шугамын өсөлтөөр мөнхийн зүгт тэмүүлсэн
Тархан алсрах цувааны нийлэн сарнихын учир
Тасралтгүй функцийн экстремум нугаралтын цэгт тохиосон
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАДААР
УРАН БОДОЛТ ТЭРЛЭСЭН
ОЛОН НАМТРЫГ ТУУРВИСААР
Алтан гадсаа тойрсон шанаган оддын эргэлтээр
Аглаг ертөнцөд тодроогүй долоон далд нууцаас
Абсолют хэмжээгээр төөлөн эерэг зайг дүүргээд
Алтан харьцаа зонхилсон гоо үзэсгэлэнг тайлаад
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УУРАГ ТАРХИНД ГЭРЭЛТСЭН
ОЮУН ЦЭНГЭЛИЙГ ДЭВЖЭЭСЭЭР
Гравитац нэгэн орчлонгийн татахуйн хүчийг томъёолон
Гарцаагүй үнэн үзэгдлийн ирэх магадлалыг тоочин
Бодис зүй хувилахуйн урвалын чанарт нэвтрэн
Босго өндөр нууцыг математикийн хэлээр өгүүлэн
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УУЖИМ ХОРВООД ТАРХСАН
ТҮМЭН УЧРЫГ ЗАНГИДСААР
Гэрлийн жил туйлдмаар үүрдийн холыг ойртуулж
Гэгэлзэн лугших зүрхний хэмнэл графикийг уншаад
Хар цагаан сүлэлдсэн буурал түүхийг сэдрээж
Хас тамгаар бүтээсэн түмэн настыг тэлээд
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УХААНТ ХҮМҮҮНИЙ ХҮЧИЙГ
ИРЭЭДҮЙН ЗҮГТ ТҮГЭЭСЭЭР
Хуучин шинэ таамаглал мөргөлдөн өрсөх цагаас
Хуурмаг комплекс талбарт тэмцэн дайтах ахуйн
Худал бодитыг ялгасан ангилал төгсийг эхлүүлж
Хуулиар захирах таалал эвлэрэн эмхлэн цогцлоосоныг
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УРГАН МАНДАХ СЭТГЭХҮЙД
ХУВЬСАГЧИЙН УТГЫГ МЭДРҮҮЛСЭЭР
Дагуурын цэнхэр талын Данзангийн Нямсүрэн ахайн
Даллаж зохиосон аялгууг нээлтэн дээрээ дуулдаг
Тооны олимпиад нэртэй сүлд дуугаараа эгшиглэсэн
Тоочин хүүхдүүдийн өлгий Дорнын талдаа дуурсаад
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УРТЫН УРТЫГ ЗАМНААД
САЙН САЙХНЫГ МӨНХӨЛСӨӨР...
Ц.Батболд
2021 оны 11 сарын 03 Наранбулаг

No comments:

Post a Comment