Вектор
Энгийн нэгэн хэрчмийн
Эхлэл төгсгөлийг ялгаад
Эрэмбэ зэрэг тогтоосныг
Эрдмийн хэлэнд “вектор” гэнэ
Чин үнэндээ “вектор” нь тэгэхээр
Чиглэл тодорхойлсон хэрчим юм.
Хөнгөн төсөөлж дүрслэхдээ
Хөө харандаагаар зураглахдаа
Хөвчит нумын сум шиг
Хөөргөж шиддэг жад шиг
Үзүүртээ сумтай хэрчмээр
Үзүүлж тэмдэглэж хэвшсэн юм
А-аас В-руу буух шилжилт
Аливаа биед үйлчлэх хүч
Орчих цэгийн хурд хурдатгал
Орчлон ертөнцийн элдэв байршлыг
Оноож сайтар судлахад
Онцын тохиромжтой нь вектор юм аа
Уруу өөдөө сүлжилдсэн
Урт богиноороо ялгарсан
Эвэр туурай шиг хөндөлссөн
Энэ олон векторуудаас
Чиглэл нэгтэйг нь коллинеар гэдэг
Чигээрээ зөрүүг нь эсрэг гэдэг
Тэс хөндлөнг нь ортогналь гэдэг
Түүнээс бусдад нь өнцгийг нарийвчилдаг
Торон хавтгай дээр тэмдэглэж болдог
Тооцоолж уртыг нь хэмжиж болдог
Тодорхой өнцгийг баримжаалж болдог
Тохирсон үйлдлүүдээр хувиргаж болдог
Тоон хэмжигдэхүүнээр орлуулж болдог
Тоочид үүнийг нь координат гэдэг ээ
Ай манай вектор
Ахуй амьдралын үйлэнд ч
Айхтар их тохиолддогийг
Алийг тэр гэх билээ
Анзаарч санасан нэгийг
Алиа хошин дурдаад үзье
Зүггүй жаахан залуус минь
Зүрхэнд зоосон сумыг
Дурсгал цомгийн хуудсанд
Дурайлгаж үлдээсэн байдаг нь ч
Өнөө миний сэтгэл
Өөр ямар ч чиглэл үгүй
Өр зүрхэнд чинь тэмүүлэх
Орь ганц вектор юм шүү гэж
Мэргэн аргаар илэрхийлсэнийг
Мэдээд авахад илүүдэхгүй ээ
Улс түмний сэтгэл чинь
Урьгалч олон вектор юм
Улам олон чиглэлтэй бол
Уруудаж задрахын тэмдэг юм
Эв эетэй байцгааж
Эерэг чиглэлд коллинеаршвал
Эрчим хүчин төгөлдөржиж
Эгнэгт бадрахын билэг юм
Эрхэм дээд төр минь
Элгэн садан түмэн минь
Энэ самуун цаг дор
Эв эеээ эрхэмлэж
Зөв сайхан чиглэл рүү
Зөөлөн аргаар замнасугай
Ковид өвчинд сөхрөлгүй
Колончлол дарлалд өртөлгүй
Аливаа бэрхшээлийг туулж
Ард Монголоо аварсугай
2021-04-20
Математикийн багш Ц.Ганхуяг
Мандалговьдоо үзэглэв