Thursday, December 2, 2021

Дашням багшдаа зориулав

                                                                              
















Б.Батзориг

Домгийн салхи сэвэлзсэн Онон, Улзын голд
Давилуун бага насандаа шумбаж жаргасан жараахай
Долоон үеэ торохгүй тоолдог буриад зоны нутаг
Дорнод нутгийн хойморт төрж өссөн хүүхэд дээ

А үсгийн зурлага, арав хүртэлх тоог
Алтан гадас одонт сургуульдаа сурсан балчирхан
Архимед, Гауссын үргэлжлэл Жаргал багшийн шавь
Аймгийн аварга тоочин аргагүй мундаг сурагч даа

Шинжлэн судлаад барахгүй тооны онолын хичээлийг
Шагдар, Мекэй багш нараар заалгаж явсан оюутан
Шинэлэг бүхнийг сургадаг МУИС-ийн саруул танхимд
Шинжлэх ухааны оргилд шимтэн суралцсан математикч даа

Намхан цавьдар азаргаа түрүүлэх тэр агшинд
Нармай нь шархирч гүйсэн алдарт уяачийн дүү
Нар мандахаас үдшийн бүрий хүртэл
Наадмын хэдэн өдөр морь дагасан комисс доо

Янзага эрхлэн тонгочсон Лам малгайн өвөрт
Янаг хайраа илчлэн ичингүйрэн зогссон залуу
Янз бүрийн цэцэгс алагласан Улз голын хөндийд
Яг одоо амьдарч байгаа эгэл нэгэн аав даа

Мянга, түмэн бодлогын арга аргачлалыг зааж
Мартахын аргагүй ойлгуулдаг жирийн нэгэн багш
Математикийн ухаанд дурлуулан амжилтын оргилд хүргэсэн
Мянган шавийн багш Монголын нэгэн сэхээтэн дээ
2021.12.02. 14:41
Палиндром тоот өдрийн палиндром цаг дор бичиж дуусгалаа.

No comments:

Post a Comment