Thursday, January 5, 2017

Миний хэдэн шавь нар

Багшаа би, багшаа би самбарт бодъё гээд л
Баруун гараа өргөн өргөн суудлаасаа өндөлздөг
Бадаг бадгаар нь шүлгээ цээжлэх гэж
Байн байн номоо хааж нээж уншдаг
Миний хэдэн шавь нар


Манай энэ гавал юм чинь энэ бодлогуудыг чинь
Маргааш гэхэд л бүгдийг нь бодсон байна
Магадгүй би толгой хүрэхгүй ч харж л байгаарай
Магадлалын онолоор эрдэмтэн болно доо гэдэг
Миний хэдэн шавь нар


Анхааралгүй будаа идэж сандарсан ч
Анзааралгүй буруу зөрүү дуугарсан ч
Шалгалтанд орохдоо тантай толгойгоо соливол
Шаналж санаа зоволгүй 100 авна даа гэдэг
Миний хэдэн шавь нар


Урлаг гэвэл дуулж бүжиглэж, алиалсан ч чадна
Спорт гэвэл гүйж харайж бөмбөг нүдсэн ч чадна
Бие даалтаа хийхдээ Google нээж хайж олоод
Бичгийн цаасанд хэвлэе дөрвийг өгөөч гэдэг
Миний хэдэн шавь нар


Цаасны өөдсөнд бичсэн гуравхан үгнийхээ төлөө
Сар жил дамжин баярлаж бас гомдож ч мэдэх
Цас мөсний баяр шинэ жилийн бэлтгэл гээд
Цаг наргүй ангиараа нэгдэж ажилладаг
Миний хэдэн шавь нар


Ангийн хаалгаа ар өврөөс нь түлхэлцэж олуулаа
Алдарт Ньютоны хуулийг шалгаж дэггүйтсэн
Ангийн багшдаа хааяахан гомдол мэдүүлсэн ч
Алс хорин жилийн хойно Та яг хэвээрээ гэж хайрласан
Миний хэдэн шавь нар


Алдаа нь хүртэл ОЛОЛТОД хөтөлдөг
Алхаа нь хүртэл ОРГИЛД тэмүүлдэг
Алсын мөрөөдөл нь ГЭГЭЭН гэрэлтэй
Амьдралын туршид АРИУН сэтгэлтэй
Миний хэдэн шавь нар


Багшийн алдрыг надад бэлэглэсэн
Бахархан санаж эрхэмлэн хайрласаар
Мөч тутамд сэтгэлд мишээсэн Та нар минь
Мөнхийн мөнхөд миний л ШАВЬ нар юмаа...
Миний хэдэн шавь нараа... 



Баяндун сумын сургуулийн математикийн багш ЦЭРЭНДОРЖИЙН БАТБОЛД

2017 оны 01 сарын 05-ны өдрийн наран дор тэрлэв...

No comments:

Post a Comment